Технологийн шинэ шийдэл болох чиглэлийн зураглалыг автоматжуулж эхэллээ.

Route map screen

Нийтийн тээврийн чиглэл, буудлын мэдээллийг дижитал хэлбэрт оруулж, хот төлөвлөлт болон зорчигчдын хэрэгцээнд нийцсэн шинэчлэх зорилготой “Нийслэлийн нийтийн тээврийн зогсоолын байгууламжийн чиглэлийн мэдээллийн зураглалыг автоматжуулан боловсруулах систем” төсөл амжилттай хэрэгжиж эхэлсэн. Энэхүү төслийн эхний шатны самбарын зураглалыг Сүхбаатарын талбайн урд зогсоол дээр байршуулсан бөгөөд төслийн гүйцэтгэгч байгууллагаар “Дата Дэүс” ХХК ажиллаж байна.

Өмнөх самбарууд нь мэдээлэл дутуу, ойлгомжгүй, хуучирсан байдлаас зорчигчдын хэрэглээнээс хасагдаж байсан тул энэхүү шинэ төсөл нь зөвхөн самбарын шинэчлэл бус технологийн шинэ шийдэл болох юм.

Төслийн технологийн шийдэл:

Автобусны чиглэлийн зураглалыг боловсруулахдаа олон улсын туршлагад ашиглагддаг octilinear схем болон географик (GIS суурьтай) зураглалын зарчмыг хослуулан ашигласан.

  • Octilinear зураглал – Метроны зураглалд өргөн хэрэглэгддэг аргачлал бөгөөд зам, чиглэлийг зөвхөн 8 чиглэлд (дээш, доош, баруун, зүүн болон 45° өнцөгт) дүрслэснээр шулуун бөгөөд хялбар зураглал үүсгэдэг.
  • Географик (Geo) зураглал – Бодит газрын зураг дээр үндэслэн зогсоол, чиглэлийг бодит байршлийн дагуу харуулдаг. Энэ нь хот төлөвлөлт, замын ачааллын дүн шинжилгээ хийхэд илүү үр дүнтэй.

Харин Улаанбаатар хотын нийтийн тээврийн сүлжээ нь метро шиг шулуун бус, олон салаа зам, тойрог, уулзвар ихтэй онцлогтой. Хэрэв зөвхөн гео зураглал ашиглавал чиглэлүүд хэт нарийн, давхцсан, уншихад төвөгтэй болдог. Харин зөвхөн octilinear зураглал ашиглавал замын жинхэнэ байршил, чиглэлийн бодит мэдээлэл алдагдах эрсдэлтэй.

Төслийн дизайны шийдэл:

Автобусны чиглэл заагч самбар бол хүртээмжтэй байдлыг хамгийн чухалд тооцож загварчлах ёстой обьект билээ. Энэхүү төслийн UX дизайны зөвлөхөөр “РЭНЬЮ ХХК”-ийн үүсгэн байгуулагч М.Дөлгөөнбаяр, “Дата Дэүс” ХХК-ийн дизайнер Ж. Сувд ажилласан бөгөөд энэхүү төслийн хүрээнд дараах дизайны зарчмуудыг баримталсан. Үүнд:

  1. Зүүн дээд булангаас хөөж унших “F Pattern” зүй тогтлын дагуусамбарын өрөлтийг загварчлах.
  2. Монгол хүний дундаж өндөрт тохирсон байршилд самбарын гол бүрдэл хэсгүүдийг байршуулах.
  3. Чиглэлийн тэмдэгт болон зураасны өнгийг боломжит хэмжээнд өөр хоорондоо ялгагдахуйц байлгаж, WCAG стандартын “А” шаардлагад нийцүүлэх.
  4. Автобусны самбараас дурын иргэн 1 метрийн зайнаас самбар дээрх бичвэрийг унших боломжтой байх.

Загвар бүтээгдэх явцад зорилтот хэрэглэгчийн төлөөлөлтэй туршилтууд явуулж холбогдох сайжруулалтыг тусган хөгжүүлсээр нийт 6 ширхэг загвар боловсруулж эцсийн загвар бүтээгдсэн.

Энэхүү төсөл нь Улаанбаатар хотын олон салаа, нарийн бүтэцтэй автобусны чиглэлд хамгийн тохиромжтой шийдэл бөгөөд зөвхөн мэдээллийн самбарын шинэчлэл бус, нийтийн тээврийн сүлжээг илүү ойлгомжтой болгох дижитал шилжилтийн чухал алхамд тооцогдоно.Цаашид уг системийг нийслэлийн бүх зогсоолд нэвтрүүлснээр зорчигчид самбарын мэдээлэл хүлээн авахад ойлгомжтой, хотын хэмжээнд замын хөдөлгөөний зохион байгуулалтыг оновчтой болгох боломж бүрдэж, Улаанбаатар хотын ухаалаг тээврийн хөгжлийн суурь шийдэл болох юм.

Сэтгэгдэл үлдээх